Ордын ямар ч зурхай Таны ааш зан, хувь төөрөгтэй таардаггүй бол цаана нь тун ноцтой шалтгаан байж мэдэх гэнэ. 
 
Одон орон судлаачид өнөө цагийнхны хэрэглэж дадсан 12 ордын зурлага хэдийнэ үеэ улираасан гэж үзжээ. Эртний вавилончууд хүний төрсөн өдрийг тухайн өдрийн нарны хөдөлгөөнөөр баримжаалан ордод хуваарилдаг байв. Харин тэр цагаас хойш улирсан мянган жилийн хугацаанд сарны татах хүч дэлхийн тэнхлэгийг өөрчилж илүү cap бий болгожээ. Үүнтэй санал нэг байгаа судлаачид бүх 12 ордын хамрах хугацааг сараар ухрааж, 13 дугаар орд буюу могойн ордыг зурхайн зурлагад багтаах санал гаргаад байна. 
 
Уг ордын Ophiuchus хэмээх грек нэр могойтой тулалдах гэсэн утгатай бөгөөд Могойн ордын том оддыг холбовол могой барьсан хүн мэт дүрс үүсдэг аж. 13 дугаар ордыг үүсгэх нь олон хүнд үнэхээр содон мэдээ болно. Учир нь зоримог, эзэрхэг арслангийн ордныхон эмзэг, хувирамтгай мэлхийн ордныхон болж, хүсэл тачаал ихтэй гэгддэг хилэнцийнхэн албархуу атлаа шийдэмгий бус жинлүүрийн ордод харьяалагдана зэрэг хачирхалтай олон өөрчлөлт зурхайн ертөнцөд өрнөх нь. 
 
Зурхайд итгэдэггүй, ордгүй мэт байдаг хүмүүст "Би 13 дугаар ордных" гэж хэлэх эрх олгож, өөрчлөлтийг хугацаа алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа эрдэмтдийг АНУ-ын Миннеаполисын Технологийн коллежийн одон оронч, профессор Парк Каркль тэргүүлж байна. Судалгааг ахалж хийсэн түүний тайлбарласнаар орчин цагийн одон орон судлаачид тэнгэр өөд харахдаа Ром, Вавилоны үеийн эрдэмтэд шиг шинжлэх ухаанч байхаа больжээ. Өнөө цагийнхан ердөө дуран авай, компьютерийн программуудад л итгэдэг болсон гэж тэрбээр шүүмжлээд "Уламжлалт зүйлсийг ч бид шинээр харах хэрэгтэй" гэж онцолсон байна. Профессор Каркль мөн түүхэн эх сурвалж эш татсан нь эртний одон орон судлаачид Олимп уулын12 бурханд ихэд сүсэглэдэг байсан гэх баримт юм. 
 
Тиймээс 13 орд байдгийг мэдэж байсан ч зориуд 12 болгон өөрчилсөн байх талтай гэсэн таамаг дэвшүүлжээ. Од эрхсийн байршил ёсоор бол 13 дахь ордод төрөгсөд өнөөгийн хилэнц, нумын ордныхны дунд хамаарах бөгөөд эрсдэлтэй зүйлсэд дуртай, урт настай, шинийг сэдэхдээ гаргуун хүмүүс гэнэ. Ордын дарааллыг cap, хоногийн эрэмбээр жагсаавал могойн орд өрнийн зурлагын 12 дахь орд болно. Шинэ ордын үргэлжлэх хугацаа арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 17 хүртэл аж.
Уншсан: 9403
Огноо: 2016-9-19
    Уншиж байна ...
#TAGS: